Тариалан сумын Цаг уурын өртөө нь 1962 онд БНМАУ- ын СНЗ-ийн дэргэдэх Ус, цаг уурын албаны удирдах газрын шийдвэрээр байгуулагдаж 4 хугацааны ажиглалтыг 4 орон тоотой ажиглалт хийж эхэлсэн. 1975 оноос 8 хугацааны ажиглалт хийж мэдээ дамжуулахын зэрэгцээ хадлан бэлчээр, таримал ургамалын үе шат үзэгдэл зүйн ажиглалт, 1973 бэлчээрийн даац багтаамж, хөрсний гүний чийгшил тодорхойлох, ан амьтны байршилд ажиглалтуудыг хийж, 1975 онд зоо цаг уурын харуул байгуулан эрлийз хонины нутагшил, өсөлт үржилт, тарга хүч, бэлчээрийн байдалд ажиглалт хийж байв. Тэр үеэс байгаль цаг уурын байдал мал аж ахуй, газар тариаланд хэрхэн нөлөөлөхийг мэдээлдэг болсон.1988 оноос байгаль орчныг хамгаалах хэсэг болж орон тоо нэмэгдэж байгаль хамгаалах ажлыг хариуцан ажиллаж байгаад 1991 онд төрийн захиргааны байгууллагад шилжин Ус цаг уурын шинжилгээний өртөө болж таримал болон хадлан бэлчээрийн ургамлын үзэгдэл зүй, хөрсний чийгшлийн ажиглалт хийж ус цаг уурын сүлжээнд тулгуур станцуудын нэг болж орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдаж олон улсын мэдээ солилцоонд цаг уурын мэдээгээ дамжуулж байна. Анх 2008 онд цаг уурын автомат станц CAMS620, 2016 оноос AWS310 маркийн станцаар ажиглалт хийж технологийн дэвшил, шинэчлэл, компьютерийг бүрэн эзэмшиж, англи хэл, програмчлалын мэдэгдэхүүнтэй инженер, мэргэжилтнүүд ажиллаж байна.
Цаг уурын судалгаа шинжилгээний ажлаар: алсын барааны харагдац, үүл,үзэгдэл, хөрсний гадаргын байдал, агаарын температур, чийгшил, даралт, хөрсний температур, гүний чийгшил, салхи, хур тунадас, цасны хэмжилт, термограф, гигрограф, барограф /тэмдэглүүр багаж/-ийн ажиглалтууд, мэдээлэл, үйлчилгээний ажлаар: шуурхай үйлчилгээний мэдээ, ажиглалтын бодит цаг агаарын мэдээ, аюул агаар, 10 хоногийн агро дундаж, 10 хоног болон сарын климат, ЦА-ын богино, дунд хугацааны урьдчилсан мэдээ,дулааны болон хүйтний улирлын төлөв, бэлчээрийн даац багтаамж, бодит мэдээ тойм зөвлөмж, анхааруулга, сэрэмжлүүлэг, УСМ, Цаг үеийн мэдээ, тусгай хэрэгцээний мэдээ, хээрийн хэмжилт, судалгааны үр дүн, зураглал, бичлэг мөн хөдөө аж ахуйн цаг уурын шинжилгээний ажлаар: бэлчээрийн ургамлын хашаалсан, хашаалаагүй талбайн үе шат үзэгдэл зүйн ажиглалт, улаан буудайн үе шат үзэгдэл зүйн ажиглалт, хөрсний чийгийн улаан буудай, уринш, гуурс, бэлчээрийн ургамлын талбайн байнгын болон хавар, намрын явуул судалгааны ажиглалт, таримал ургамлын явуул судалгаа, бэлчээрийн төлөв байдлын ажиглалт, өвлийн бэлчээрийн явуул судалгаа, бэлчээрийн зонхилох хөнөөлт шавьж, мэрэгчдийн ажиглалтуудыг хийж сумын удирдлага,ард иргэд, аж ахуйн нэгж, тариаланчид, тээвэрчдэд үйлчилж байна.
Одоо ажиллаж байгаа хамт олон: арын эгнээнд техникч Б.Энхмаа, Д.Гоомарал, Б.Баасандалай, урд эгнээнд техникч Б.Батбаатар, өртөөний дарга Б.Ариундэлгэр.
Амжилт: 1971 онд социалист хөдөлмөрийн төлөө бригадын үүрэг авч 1972, 1976 онуудад хамгаалж, 1978, 1979, 1986, 2002, 2006, 2008, 2022 оны төлөвлөгөөт ажлын биелэлт, ажиглалтын чанараар улсын тэргүүний салбар, 1990 онооос эхлэн ажлын үзүүлэлтээрээ аймгийн тэргүүний салбар болон өргөмжлөлт байранд, 2005 оны ажлын үзүүлэлтээрээ сумын тэргүүний хамт олон болсон.