"Миний технологийг "Үндэсний технологийн сан"-д байршуулахаар болсон"

 
Нийслэлийн БЗД-ийн 33-р дугаар дунд сургуулийн технологийн багш Б.Төмөрбаттай ярилцлаа.
Тус сургууль дээр "Авьяас", "Ном" хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд олон зүйлд суралцаж авьяас, билгээ нээхийн хажуугаар технологийн сургалтад хамрагдаж байгаагаараа онцлог юм. 

-"Авьяас", "Ном" хөтөлбөрийн хүрээнд сургууль бүр хүүхдийн авьяасыг нээхээр ажиллаж байна. Танай сургуульд технологийн сургалт түлхүү явж байгаа юм байна?
-Боловсролын шинэчлэлийн  бодлогын хүрээнд хийгдэж буй "Багшийн  хөгжил", "Авьяас", "Ном" хөтөлбөрүүдийг манай сургуулийн багш,сурагчид эрчимтэй хэрэгжүүлж байна. Дээрх  хөтөлбөрүүдийн хүрээнд хийсэн бүтээлүүдээрээ энд  үзэсгэлэн гаргаж байна. Манай сурагчдын  зургийн хичээлээр, үйлчлэх хөдөлмөрийн хичээлээр хийсэн  зураг, нэхмэл сүлжмэлийн  бүтээл, эсгий урлал,  хувцас загварын урлалаар үзэсгэлэн гаргаад байна. Энэ мэтчилэнгээр манай сургууль хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх их ажил хийж байгаа.

Миний хувьд орлуулах материалын аргыг технологийн хичээлд хэрэгжүүлэхээр 4 жилийн өмнө сэдээд үүнийгээ технологийн хичээлд нэвтрүүлээд явж байна. Өнөөдөр сургуулиуд технологийн хичээл дээр хэрэглэх  материал багаж, түүхий  эд ихээхэн дутагдалтай. Ийм тохиолдолд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын технологи  нь  ерөөсөө орлуулах материал юм. Орлуулах материал  ашиглаад хүүхэд бүр нарийн мужааны холболтын элементүүдийг, сийлбэрийн урлалын технологийг, хөөмөлийн урлалын технологийг, монгол ардын урлалын бүхий л төрлөөр авьяас чадвараа хөгжүүлэх боломжтой болж байгаа юм. Жишээ хаалганы нугас,  хутгуур хүний ахуйн хэрэгцээний бүхий л метал эдлэл байдаг.

Энэ бүх  метал эдлэлийг хүүхдэд хийж сурахдаа  орлуулах  материалыг  ашигласнаар бодит  материал үрэхгүй эдийн засгийн маш хэмнэлттэй, экологийн  талаасаа ч ач холбогдолтойн дээр хүүхэд хичээлийн цаг минут бүрийг ашигтай   өнгөрөөж чаддаг.

-Та өөрийн технологио бусад сургуулиудад түгээсэн үү?
-Технологийн хичээл сургуулиуд дээр  янз бүр явагдаж байгаа. Зарим газар сайн, зарим газар муу. Энэ нь сургуулийн захирлуудын тухайн хичээлд хандах хандлагатай холбоотой. Тухайлбал, сургуулийн  төсвөөс  технологийн хичээлд хэрхэн зарцуулах вэ гэдэг дээр удирдлагын санаачилга дутагдалтай байдаг. Ер нь сургуулийн төсөвт технологийн хичээлийн материалын зардлыг тусгайлан тусгаж өгмөөр байгаа юм.

Гэхдээ манай уламжлалт сургалтын технологиор бол хүүхдэд   шууд материал, багаж өгөөд юм хийлгэхэд эдийн засгийн хувьд үнэхээр үрэлгэн. Хайран материалаар тоглоод хаячихдаг сул талтай ч ер нь хүн  материалыг үрж сүйтгэж байж л юм хийж сурдаг. Материалийг үр ашигтай зарцуулахын тулд би орлуулах материалын технологи гэдгийг санаачлан гаргаж ирээд  сургалтад хэрэглэж байна. Үнэхээр  үр дүнтэй арга.

Энэ ажлаа би мэргэжлийн байгууллага,  яамны  хүмүүст танилцуулсан. Боловсролын хүрээлэнгээс сургалтад хэрэглэж болох юм байна гэсэн дүгнэлт гарч энэ хичээлийн жилээс  Үндэсний технологийн санд байршуулах шийдвэрийг  яамнаас гаргасан. Тэгэхээр энэ аргыг бүх сургууль хэрэгжүүлэх боломжтой. Үнэхээр  хүүхэд нэг бүр хөгжинө.

-Технологийн хичээлд сургуулийн бүх хүүхэд хамрагдаж чаддаг уу. Хичнээн хүүхэд хөөмөл, сийлбэрийн урлал хийх арга аргачлалд суралцаад байна вэ?
-Уг технологийг туршиж хэрэгжүүлснээс хойшхи 3 жилийн хугацаанд  хүүхдүүд олон бүтээл хийсэн. Тэдгээрээс1800 хүүхдийн бүтээл  одоо надад хадгалагдаж байна.  Энэ хүүхдүүд дотроос аравдугаар ангийн сурагч Чадраабал, Гонгор нар хөөмөлийн урлалаар хийсэн бүтээлээрээ энэ жил  Монголын авьяастан хүүхдийг дэмжих үзэсгэлэнд оролцоод "Авьяас" алтан медалиар шагнуулсан. Манай бүх хүүхэд хөөмлийн урлалд суралцаж өөрсдийн түвшинд юм хийж байгаа.

-Хүүхэд нэг л зүйл чаддаг болчих юм бол түүгээр дамжуулан олон зүйлд суралцах чадвартай болдог.  Хөөмөлийн урлалд суралцснаараа хүүхдэд ямар, ямар чадварт суралцах вэ?
-Хөөмөлийн урллалын цаана  зурах,  сэтгэн бодох, төсөөлөх, хийсвэрлэн бодох,  бодсон зүйлээ тухайн гадаргууд дээр буулгах зэрэг олон чадварт  суралцдаг. Их ч цаг зардаг. Бодож сэтгэж, цаг гаргаж хийсэн бүтээлдээ хүүхдүүд их хайртай байдаг. Манай хүүхдүүдийн  ундааны лаазыг ашиглан хийсэн  хөөмөлийн бүтээлүүд  анхан  шатанд хийсэн гэхэд үнэхээр гоё бүтээл болсон.
Томоохон бүтээл гэх юм бол дүнзэн байшин барих технологид манай хүүхдүүд суралцаж байна. Ийм хичээл  барилгын  мэргэжлийн сургуулиудад л ордог.

Гэтэл манай аравдугаар ангийн хүүхдүүд орлуулах материал ашиглан дүнзэн байшинг угсарч чадаж байна. Дүнзэн байшин ямар технологиор баригддаг тэр л технологиор угсардаг. Уг нь  байшинг цул модоор хийх ёстой л доо. Харин бид орлуулах материал буюу цаасаар хийж байна. 7-8 дугаар ангид нь  дөрвөлжин шугамтай цаасаар хэмжээ авч сургана. Түүнийгээ сурсны дараа шугамгүй цаасаар хийж эхэлдэг. Нэгэнт хэмжээ аваад сурчихсан хүүхдүүд өөрт байгаа мэдлэгээ ашиглаад цаасан дээр шууд эсгүүрээ хийгээд олон дүрс гарган дүнзэн байшинг угсардаг. Хэдийгээр цаас ашиглаж байгаа ч технологио мэдэж байгаа хүн модоор байшин барих амархан.

-Орлуулах материал гэхээр хэдэн төрлийн, ямархуу хэрэгсэл байна?
-Орлуулах материал хэрэглэхийн гол ач холбогдол нь заавал үнэтэй материал ашиглахгүй түүнийг орлох материал ашиглан ямар нэгэн эдлэл хийж сурахад эцсийн үр дүн оршино. Ямар нэг эдлэл хийж  сурахын тулд эхний элемент,  холболт гэж байдаг.

Энэ холболтын бүх элементийг орлуулах материалаар хийж байгаа.  Бодит биет материалаар хийдэг зүйлийг  цаас болон бусад зүйлээр оруулаад яг түүнтэй адилхан  хийж байгаа нь л хүүхдүүдийн чадвар. Модыг цаасаар,  төмрийг ундааны лаазаар  орлуулсан  ч хүүхэд технологид  суралцаж байгаа нь чухал. Ингэснээрээ  технологийн хичээлээр  хүүхэд бүрийг хөгжүүлэх бүрэн боломж нээгдэж байгаа юм.

Ц.Гэрэлчимэг